Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл илэрхийлж, Төрийн золголт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл илэрхийлэв.

Дараа нь төрийн тэргүүнд УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золголоо.


Төрийн золголтын дараа Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч, морин хуурч Ц.Соёл-Эрдэнэ Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.
ТӨРИЙН ХАН ХУУРАНД:
“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо төрийн магтаалыг аялгуулан айлтгая.
Эх орон, тусгаар тогтнолоо
Эрхэм төрөө, тамга, сүлдээ,
Алтан соёмбот далбаагаа
Агуу жавхлант Төрийн дууллаа
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн Чингис, хар сүлдэндээ
Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая.
Ашид мөнхийн Нууц товчоогоо
Аялгуу эгшиглэнт хан хуураа
Хөх Монголын хүндэт нумаа
Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн Чингис, хар сүлдэндээ Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барив.


Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт золгож, Гал морин жилийн өнгийг хэлэлцлээ.
Эх сурвалж: Монцамэ
English
Français
Deutsch
Italian