Монгол Улсын Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит шагналыг “Улирал ба Зохиолч” сэтгүүлд гардууллаа

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг гардуулах ёслол өнөөдөр буюу 06-ны өдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ёслол төгөлдөр боллоо. Ард түмний эрхэм хайртай найрагчийн мэндэлсний 85 насны өндөр их ойг нь таширлуулан ийнхүү Ш.Сүрэнжавын нэрэмжит шагналын эзнийг тодруулсан байна. Энэхүү хүндтэй шагналыг энэ удаа МУСГЗ, яруу найрагч Данзангийн Нямаагийн эрхлэн гаргадаг “Улирал ба Зохиолч” сэтгүүлд олгохоор шийдвэрлэжээ. Ардын уран зохиолч Ш. Сүрэнжавын зохиол бүтээлийг хойч үедээ таниулах, монголын уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь алдаршуулах зорилготой энэхүү шагналыг “Шаравын Сүрэнжав” сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Лүндэг, монголч эрдэмтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, утга зохиол судлаач, доктор Мацуда Таданори, МУСГЗ С.Хишигсүрэн нар Д.Нямаа найрагчид хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Төрийн шагналт, АУЗ Ш.Сүрэнжавын нэрэмжит шагналыг түүний үр хүүхдүүд нь санаачилж “Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн хөгжилд өвөрмөц сэдэл, онцлог шийдэл бүхий бүтээл”-д олгож байхаар шийдвэрлэсэн бөгөөд анхны шагналыг нь 2017 онд Ш.Сүрэнжав найрагчийг сэрүүн тунгалаг ахуйд “Улаанбаатар” их сургуулийн багш, хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаад олгож байв. Энэ удаад “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн хамт олон хүртэж буйгаараа онцлогтой. Их найрагчийн нэрэмжит шагналыг хүртэж буй “Улирал ба Зохиолч” сэтгүүл 12 жилийн турш улирал бүр тасралтгүй гарч байгаа уран зохиолын төрөлжсөн сэтгүүл юм. АУЗ Ш.Сүрэнжав “Ерэн баатрын тууль”, “Багш”, “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол”, “Гар” зэрэг иргэний утга уянгын олон зуун шүлэг, найраглал төдийгүй, “Хэрлэнгийн барьяа” роман, “Нутгийн цэнхэр уулс”, “Хөх тэнгэрийн хур”, “Дуулганд ургасан цэцэг”, “Онгодын цагаан хүлэг” тэргүүтэй яруу найргийн түүвэр, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамжийн номоороо монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Нэрт найрагчийн эрийн гурван наадмын тухай өгүүлсэн уран сайхны киноны зохиолоор нь “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино бүтээсэн юм. Мөн их найрагчийн шүлгээр бүтсэн “Арав дахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүд”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо…”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” зэрэг олон арван дуу монгол түмний зүрх сэтгэлийн хойморт үргэлжлэн эгшиглэсээр байна.




English
Français
Deutsch
Italian