МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч До.Болдхуягийн уран бүтээлээс
“Ашид Эерэг” сайт эрхэм уншигчдаа яруу найргийн ертөнцөөр аялуулахаар зорьсон “Яруу найргийн ертөнц” буландаа уншигч олныхоо хүндэтгэлийг хүлээсэн өнөө цагийн нэгэн содон найрагчийн уран бүтээлээс толилуулж байна.

МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Даян овогт Дорж-Юндэнгийн Болдхуяг Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Улаанбаатар хотод мэндэлсэн. Улаанбаатарын Их Сургуулийг археологич мэргэжлээр төгсөж, тус сургуульд магистр, Өвөр Монголын Их Сургуульд түүхийн ухааны докторын (PhD) зэрэг хамгаалсан.

“Миний жаахан Амбуунаа”, “Чинад нууцхан сэтгэл” зэрэг яруу найргийн арван түүвэр хэвлүүлсэн. 2000 онд оюутан залуусын хайрын “Бүжинлхам”, 2001 онд Данзанравжаагийн “Мөнгөн цом”, 2002 онд хайрын “Цагаан-Уул”, 2003 онд “Алтан үзэг”, 2006 онд Монгол туургатны “Уянгын дөл” зэрэг нэр хүндтэй олон шагнал хүртсэний зэрэгцээ “Болор цом-29” наадамд “Монгол хэл” шүлгээрээ тэргүүлж, цомын эзэн болсон.

Өвөр Монгол зохиолчдын хорь гаруй номыг кирилл үсэгт хөрвүүлж, 2015 онд “Өвөр Монголын яруу найргийн дээжис” антологи, 2019 онд “70 жил, 70 зохиолч, 70 өгүүллэг” хоёр боть номыг эмхэтгэн Улаанбаатар хотноо монгол хэлээр хэвлүүлсэн.
Хурд хамтлагийн “Хайрын салхи”, Voice хамтлагийн “Voice of Mongolia” МУГЖ Л.Болдбаатарын “Зүрхний амраг” зэрэг 20 гаруй дууны үг бичиж, 2013 онд “Сэтгэлийн зарлиг” дуу, шүлгийн цомог хэвлүүлсэн.
Яруу найрагч До.Болдхуягийн 2025 онд шинэхэн хэвлэгдсэн “Ху-гийн цуур” номынх нь шүлгээс уншигч танаа дээжлэн хүргэж байна.

ХААНЫ САНААШРАЛ
Монолог
Тив дэлхийн хаан байтлаа би
Тэнгэрийн доор юу сан ч билээ
Энэ орчлонгийн эзэн атлаа би
Эцгийнхээ дэргэд хэн сэн билээ
Үр сад минь намайг шүүхгүй ч
Өрлөг түүх дэнсэлж таарна
Өндөр алдрын минь цээр гээгдэж
Үе чацуутан шиг аашилж мэднэ
Чинагш намайг тэнгэр хэмээн санаж
Чилэх сэтгэлтэй хүн байсныг мартах вий
Мөн биеэ элтэл явж хураасан улсыг минь
Мөчид ухаант хойчис минь тарааж орхих вий
Бадраад бөхдөг амь ч гэлээ
Баатар эрсийг үрсэн минь хэний төлөө
Мандаад мөхдөг жам ч гэлээ
Малиа тавилгүй дайтсан минь юуны тулд
Хан дөрвөн хөвгүүнээ хөл хөсөр амраасангүй
Хайртай зургаан гүнжээ гар газар жаргаасангүй
Хацар гоо хатдаа бүтэн нойртой хонуулсангүй
Хамаг олон ардаа ч төвшин амар суулгасангүй
Өнчин таван дүүгээ агтны нуруунд хадаж
Өрлөг есөн баатраа аяны уртад зүдээж
Өтөл буурал эхийнхээ өр зүрхийг түгшээж
Өдөр шөнийг ялгалгүй хот балгадыг түйвээлээ
Энх шударга төрийнхөө эв эеийг тэтгэх гэж
Эсгий туургат улсынхаа эмжээр хаяаг тэлэх гэж
Харь гүрнийг мөхөөж, хатан илдийг мохоов
Хүлэг морьдыг улдааж, үлэг дайсныг шантлав
Их цэргийн уухайгаар тэнгис далайг цалгиулж
Ирт мэсийн очсоор одон мичдийг дальдчуулж
Оньсон чөдрийн нүргээнээр галт уулсыг сэрээж
Онгит зэвийн исгэрээнээр хар шуурга дэгдээв
Эрхүүд, сартуул, нанхиад, зүрчидгүй
Элгийг нь эмтэлж, боолоо болгов
Эмир, халиф, хуанди, султангүй
Эгмийг нь хугалж, босгондоо сөгдүүлэв
Хүчит төрийн өлмийг түших гэж
Хүний амийг будаа шиг цацлаа
Төвшин цагийг хөлийг туших гэж
Түмэн олныг хорвоогоор тараалаа
Үлишгүй хөх тэнгэрээсээ үлгэр авч
Өршөөх сэтгэлдээ бүхнийг багтааж
Мөшөөх мэлмийдээ солонго татуулан
Өших харцандаа аянга цахилуулсаар
Морин дэл дээр насыг барахдаа
Мойлт Ононоосоо төө ч холдсонгүй
Хамаг орчлонг сумаар хэмжихдээ
Халдун уулнаасаа сөөм ч салсангүй
Аху төрийнхөө жолоог эвхэж
Ашид өршөөлт хөвүүндээ өгнө
Алдхан биеэ тэнгэрт өргөөд
Алдаа оноогоо түүхэнд тушаана
Тив дэлхийг хураасан минь
Тэнгэрийн өгсөн хүч
Хүний орчлонг амраасан минь
Хөх тэнгэрийн санаа
Улаанбаатар 2022 он. До.Болдхуяг
МОНГОЛ ХЭЛ
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа
Хэрэмний чанадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдчин байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа
Байгаль далай дэлээ хийсгэн давлагаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас хааны баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа
Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ
Хөх хот 2010 он. До.Болдхуяг
ЭЛГЭНД БАГТДАГ ЭХ ОРОН
Хүннү дээдсээс улбаатай хөх чонын домогтой
Хөхөөн дуунд дуниартсан хөглөгөр ногоон хөвчтэй
Хурын дуслыг тоолон цэцэг дэлгэрсэн хангайтай
Хурмастын салхийг хөлөглөвч туулж барамгүй нутагтай
Эх орон минь
Эргэх дөрвөн цагт
Эгэлгүй үзэсгэлэнгээ гайхуулсан
Энгүй уудам гэлээ чиг
Элгэнд багтдаг эх орон минь
Харах нүдийг цуцаасан хаяагүй ээрэм талуудтай
Хамбан шаргал говиуд нь мянган атираат манхантай
Халиун бугын эвэр шиг салаалж мяралзсан голуудтай
Харих цагийн будан дунд шувууд буцалсан нууруудтай
Эх орон минь
Улирах дөрвөн цагтаа
Уйтгар үргээж мишээсэн
Уудам уудам гэлээ чиг
Ухаанд багтдаг эх орон доо
Суутай өвгөдийн илдэн дор мандаж буурсан түүхтэй
Цуутай хүлгийн дэл шиг тэнгэр зүлгэсэн хангайтай
Шөнийн түнэр үргээж мичид яралзсан огторгуйтай
Шүүдрийн болор мөхлөг шиг аяа ариухан нутаг даа
Орчиж эргэх дэлхийн
Онгон буурал тэргүүн
Орчлонгийн уудам зайд
Онож төрсөн нутаг минь
Эх орон минь
Эргэх дөрвөн цагт
Эгэлгүй үзэсгэлэнгээ гайхуулсан
Энгүй уудам гэлээ чиг
Элгэнд багтдаг эх орон доо
Улаанбаатар 2023 он. До.Болдхуяг
МЯНГАН ОНЫ ХОЙНО
Мянган оны хойно юу чухал юм бэ
Мань мэтийн хойноос хэн нулимсаа унагах юм бэ
Дэлбээгээрээ шүргэлцэж, навчаараа атгалцсан цэцэг болоод
Дэрлэж унасан шүүдрээр амрагийнхаа цангааг тайлна шүү дээ
Элбэг баян хийгээд өлсгөлөн ядуу аж төрж болно
Энэ нь мянган оны хойно хэнд хамаатай юм бэ
Эсэргэн төрөлдөө чамтайгаа учирч гэмээнэ
Энэ хойд насны хэрэг бүтнэ шүү дээ
Чамтай хамт насыг элээвч сэтгэл үл ханаюу
Чацаргана адил исгэлэн занд чинь улам дурлаюу
Үхэлтэй би хундага тулгахаас ердөө ч үл эмээнэ
Үүнийг бичигч чамаас хагацахаас л үргэлжид айнам
Өнийн явдлыг чамгүйгээр төсөөлж үл чаднам
Өвс болон ургаваас нэгэн нугад
Өвөөлж болон нисвээс нэгэн тэнгэрт
Өдөр өдрийн наранд хамтдаа дулаацах юм сан даа
Ай мянган оны хойно юу чухал юм бэ
Улаанбаатар 2005 он. До.Болдхуяг
English
Français
Deutsch
Italian