Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ П.НЯМЛХАГВА МУСГЗ ЦОЛ ХҮРТЛЭЭ

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөр Монголын радиогийн сэтгүүлч Пэрэнлэйн Нямлхагва Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Тэрээр 1975 онд Дундговь аймгийн Хулд сумын нутаг Улаанжирэм гэдэг газар төрж, 1992 онд Дундговь аймгийн Хулд сумын 10 жилийн сургууль, 2001 онд Дорно Дахины Гүн Ухааны Дээд Сургууль, 2003 онд Улаанбаатарын Их Сургууль тус тус төгссөн. Философич-багш, Утга зохиол судлаач мэргэжилтэй чадварлаг ураг бүтээлч юм. МҮОНР-гийн уран бүтээлч, Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн Удирдах Зөвлөлийн Гишүүн П.Нямлхагва нь “Манагаар чамтай хүүрнэлдэхүй”, “Арслан цагаан дарс”, “Зүүдэн бүрдийн аглаг”, “Алтан хагсуурга”, 2010 онд “Өвсвэйн үүдсэн мөртүүд”, “Сэрүүн гэрэлт”, “Талын шүлгүүд”, “Машид тунгалаг”, “Сэлүүн тэргэл”, “Тэнүүн дэлгэр”, “Нүүдлийн ахуй хэл, соёлын шүлэгт тайлбар толь”, дуулалт жүжиг, яруу найргийн олон бүтээл туурвисан хөдөлмөрийг нь үнэлж төр ийнхүү үнэллээ.

П.Нямлхагва нь 2005 онд МҮЧЗХ-ны шагнал, 2010 онд С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал, 2011 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал тус тус хүртсэн. Хайрын шүлгийн “Цагаан уул”, “Мөнгөн цом”, “Эх орны дуулал”, “Ижий говь” “Тусгаар тогтнолын цом” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн шагналтай. Яруу найрагч П.Нямлхагва 2012 онд Монголд анх удаа зөвхөн яруу найргаараа бүтэн гурван цагийн турш ганцаараа шүлгээ уншиж, дан шүлгийн тоглолт хийж байсан бөгөөд 2017 онд Хөгжим бүжгийн 50 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний найрал хөгжмийнхөнтэй бүтэн 2 цаг 30 минутын турш “Машид тунгалаг” зэрэг яруу найргийн уянгын цэнгүүнийг зохион байгуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн байдаг.

English
Français
Deutsch
Italian