
Өнөөдөр Төрийн албаны өдөр, Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой тохиож байгаа юм.
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Төрийн ордонд болж буй Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум, яам, агентлаг, төрийн байгууллагын төлөөлөл, “Монгол Улсын Төрийн алба ба олон улсын хамтын ажиллагаа, туршлага” олон улсын форумын зочдоос бүрдсэн 800 албан хаагч оролцож байна.

Төрийн захиргааны албаны зөвлөлийн анхны гишүүд болох Монгол Улсын Гавьяат хуульч Н.Чадраабал, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Х.Шаандар нар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нар мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар:
“Шинэтгэл өчигдрөөр биш өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Тийм ч учраас шинэ Засгийн газар, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх шинэтгэлийг зарласан. Бүх дэлхийг хамран асар хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэм, улс төрийн тогтолцоонд төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдол байнга шинэчлэгдсээр байна” гээд Үндэсний чуулганы төлөөлөгчид энэ шинэтгэлд түүчээлж ажиллахыг уриаллаа. 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Үндэсний чуулганы төлөөлөгчдөд сонордуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнд гардууллаа. Ерөнхийлөгч “Төрийн албан хаагч бүр монгол төр, ард түмэн, үндэсний язгуур эрх ашгийн төлөө, хүчин зүтгэж буйгаа гүнээ ухамсарлаж, хов жив, гүжир гүтгэлгээс ангид, эв эетэй, төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, сахин хамгаалж, монгол төрийн түүхэнд зөв мөртэй, шударга үйлстэй байх учиртайг сануулья” гэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа сонордууллаа. 2023 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй шинээр бүрдсэн Улсын Их Хурал хүн төвт, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн хорогдолгүй, орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого баримтлан ажиллаж байна. Төрийн албаны нэгдсэн удирдлагын тогтолцоог илүү сайжруулахад онцгой анхаарал хандуулж, орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлэх шаардлагатай байгааг Улсын Их Хурлын дарга онцолж байна.


English
Français
Deutsch
Italian