“МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД” ЦУВРАЛ ЭМХЭТГЭЛЭЭС / 1960-2000 оны хүүхдүүд /
… Хүү маань хүүхэд байхдаа хамаг буянаа барчих вий дээ. Тэнгэр бурхандаа залбирч өргөл өргөе дөө…
/ Д. Одгэрэлийн ээжийн дурсамжаас /

Дамбын ОДГЭРЭЛ
/ Дэлхийн Залуучуудын Оюутны XII их наадмын
төлөөлөгч, Өсвөрийн зураач, Өсвөрийн зохион
бүтээгч, Өсвөрийн сурвалжлагч
Дамбын Одгэрэлийн 1973-1987
онуудад бүтээсэн ажлын тойм/
- Өсвөрийн зураач, Өсвөрийн зохион бүтээгч, Өсвөрийн сурвалжлагч Дамбын Одгэрэл нь эзэн Чингис хааны төрсөн нутаг Хан Хэнтий аймгийн Өндөрхаан хааны зэрэглээт тал нутаг Хэрлэн мөрний хөвөөнд Гэлэн- Хөшөөний талд төрж, өссөн.
- Д.Одгэрэл 4 наснаасаа эхлэн, гэртээ зураг зурж, улмаар 1977 онд ЕБС- д элсэж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 10 жилийн дунд сургуулийн ( одоогийн Хан Хэнтий цогцолбор сургууль) – ийн багш, МУ-ын гавьяат багш Айно-Хикорогийн шагналт Нэрт багш, судлаач, нийтлэлч, зураач Намжилын Даваажавын ” Уран бийр” хүүхдийн зургийн гүнзгийрүүлсэн дугуйланд 1980 оноос суралцаж 1987 онд төгссөн. Уран зураг, монгол зураг, зураасан зураг, сийлбэр, баримал, хөөмлийн төрлөөр бүтээл туурвиж, суралцсан байна.
- Өсвөрийн зураач Д. ОДГЭРЭЛ 1980- 1987 онд Энэтхэг, Япон, Орос, Герман, Польш, Унгар, Румын, Вьетнам, Чехословак, Куба, Солонгос, Хятад, Бельги, Турк, Югослав, Болгар,Финлянд, зэрэг орнуудаас зарласан олон улсын болон өөрийн орны хүүхдийн зургийн үзэсгэлэнд эх орноо төлөөлөн дэлхийн хэмжээнд хүүхдийн уран бүтээлээрээ 36 удаа оролцсон. Д.Одгэрэл 1973-1987 онуудад 300 гаруй зураг бүтээл туурвижээ.
- Өсвөрийн зураач Д.Одгэрэл нь өөрийн орны болон олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэн, уралдаанаас 10-аад медаль, 30 гаруй тусгай шагнал хүртэж, 1985 онд Японд болсон олон улсын хүүхдийн зургийн үзэсгэнгийн анхны “Гран-При” алтан медалийг монгол эх орондоо авчирсан.Тэр үедээ ” Хэнтийн Одгэрэл” хэмээн алдаршсан сурагч хөвгүүн нь тухайн үеийн монгол улсынхаа шилдэг “элит – хүүхэд” -Үүдийн нэг байсан төдийгүй 1985 онд Монголын шилдэг 10 хүүхдийн нэгээр авьяас чадвараараа тодорч, эх орноо төлөөлөн дэлхийн залуучууд, оюутны XII их наадамд төлөөлөгчөөр оролцсон. Уг Дэлхийн наадамд 130 гаруй орны хүүхдүүдийн дунд зарласан зургийн ( ахлах, дунд насны ангилалд) уралдааны тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн. Энэхүү уралдаанд Дэлхийн хүүхдүүд өгөгдсөн сэдвийн дагуу газар дээр нь зураг зурж өрсөлддөг хамгийн шударга, хамгийн том уралдаан байлаа. Энэ наадмын үеэр Д.Одгэрэл нь Орос, Болгар, Герман, Унгар, Польш зэрэг орны радио, телевизэд ярилцлага өгч, монгол хүүхдийн үзэл бодол, сэтгэгдлийг дэлхий нийтэд сурталчлан таниулж байсан төдийгүй, тус Дэлхийн их наадмын хүрээнд Орос, Англи болон бусад 5 хэл дээр хэвлэгдсэн “Дэлхийн хүүхдүүд” номонд зураг бүтээлүүд нь хэвлэгдсэн. Дэлхийн төлөөлөгч хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан 1 цагийн дотор өөрийн биеэрээ “Бэлэг дурсгалын бүтээл урлах уралдаан”-д тэргүүн байранд шалгарч байв.
- Өсвөрийн зураач Д.Одгэрэл нь Энэтхэгт болсон олон улсын хүүхдийн зургийн уралдаанаас мөнгөн медаль, Японд болсон олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэнгээс алтан медаль ( монголдоо анхны “Гран –При” алтан медалийг авчирсан), Чех улсад болсон олон улсын хүүхдийн зургийн уралдаанаас алтан медаль, Орост болсон олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэнгээс алтан медаль, Германд болсон олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэнгээс мөнгөн медаль, Румынд болсон олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэнгээс хүрэл медалийг тус тус хүртсэн. Мөн Монгол хүүхдийн хамгийн том зургийн уралдаан болох уламжлалт “Хүүхдийн ертөнц” –ийн алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагналуудыг хүртэж ирсэн.
- Өсвөрийн зураач Д.Одгэрэлийн хүүхэд насны уран бүтээлүүд нь /1980-1987 онуудад/ “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн”, ” Хөдөлмөр”, ” Үнэн”, “Утга зохиолын урлаг”, Хэнтий аймгийн “Уагшаа”, “Пионерская правда”, ” Новости Монголии”, “Залгамжлагч”, “Залуу үе”, “Залуучуудын зохион бүтээгч”, “Сэтгүүлч”, “Монголия”, ” Октябрийн туяа”, “Советская женшина”, “Зөвлөлт Холбоот Улс”, “Юный художник” , “Дүрслэх урлаг” зэрэг сонин, сэтгүүлүүдэд нийтлэгдсэн. 1986 оны 4- р сард Монголын радиогоор “Морьтой хүү” нэртэй 25 минутын хөрөг найруулал Сургууль Хүүхдийн редакцийн редактор, нэрт сэтгүүлч, хүүхдийн зохиолч Насалын Пүрэвсүрэн бэлтгэн нэвтрүүлсэн.
- Өсвөрийн сурвалжлагч Д.Одгэрэл нь Монголын” Пионерын үнэн” сонины 1985 оны “Тэргүүн бичлэг” -ийн шагналыг хүртсэн. Мөн Д.Одгэрэл нь 1986 онд “Пионерийн үнэн” сонины нэгэн дугаарыг хүүхдүүдийн хамт хариуцан бэлтгэсэн. Түүний зурсан 20 шахам зураасан зургууд “Понерийн үнэн”, “Залуучуудын үнэн”, ” Хэнтий аймгийн “Урагшаа” сонинд тус тус нийтлэгдсэн байдаг.
- 1985 оны 11 сард Д Одгэрэлийг 9 – р ангид байхад нь Хэнтий аймгийн Боловсролын хэлтэсээс ” Өсвөрийн зураач Д.Одгэрэлийн нэрэмжит зургийн уралдаан”-ыг аймгийн бүх 21 сумын хэмжээнд зохион байгуулсан. Мөн тэр үеийн социалист орнууд болох Бүх Холбоотын олон улсын хүүхдийн “Артек” лагерьт болоод Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” лагерьт амарсан.
- Өсвөрийн зохион бүтээгч, шинийг санаачлагч Д.Одгэрэл нь 1981-1987 онуудад өсвөрийн зохион бүтээгчдийн дугуйланд суралцаж, авто загварын хурд, зохиомол, дуураймал гэсэн 3 төрлөөр 9 загвар, нисэх загварын планнер а-1 төрлөөр 7 загвар, сансрын техникийн загварын төрлөөр 5 загвар, усан загварын яхта, катер гэсэн 2 төрлөөр 6 загвар, хөдөө аж ахуйн загварын төрлөөр 6 загвар, чөлөөт ШБОС-ын төрлөөр 6 загваруудыг тус тус зохион бүтээсээр ирэв. Д.Одгэрэл нь Өсвөрийн Зохион Бүтээгчдийн улсын аварга шалгаруулах, ” Техник спортын тэмцээн” -үүдэд удаа дараа амжилттай, оролцож алт, мөнгөн, хүрэл медаль, тусгай шагналууд хүртэж, хүүхэд ахуй цагтаа “Техник спортын мастер”-ын цол хүртсэн зэрэг амжилт нь түүний бүтээлч, хөдөлмөрч сэтгэлгээг хөгжүүлэхэд тус болжээ. Харин Д.Одгэрэлд техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээнээс гадна аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүд нь хамгийн хэцүү, хүч хөдөлмөрийг шавхсан өрсөлдөөнтэй цаг мөчүүд байсан гэж тэр өөрөө дурссан байдаг.
- Өсвөрийн зураач Д.Одгэрэлийн зурсан зургууд нь Энэтхэг, Япон, Чех, Орос, Герман, Унгар, Румын, Болгар болон Монгол улсад нээгдсэн үзэсгэлэнгүүдийн каталог, хүүхдийн бүтээлийн тухай ном товхимол, эмхтгэлд хэвлэгдэж, дээрх орнуудын Хүүхдийн зургийн байнгын галерейн сан хөмрөгт оржээ.
“СУРАГЧ Д.ОДГЭРЭЛИЙН БҮТЭЭЛИЙН ДЭВТЭР” -ээс:
Монгол улсын гавьяат багш, Монголын нэрт зургийн багш Н.Даваажавын гарын шавь Дамбын Одгэрэлийн хүүхэд насаа зураг зурах, техникийн загвар зохион бүтээх, шүлэг, мэдээ, тэмдэглэл бичих, унших, үзэх, харах. гадаад. дотоодын хүүхдийн зусланд амрах зэрэг бүтээлч хөдөлмөрөөр дүүрэн өнгөрөөжээ. Д.Одгэрэл 1987 онд 10-р ангиа төгсөхдөө дүрслэх урлагийн бүтээл 300 гаруйг, техник загвар 20 гаруйг, ШБОС-ын бүтээл 6, шугам зургийн бүтээл 33, макетийн бүтээл 10, макет 10, бэлэг дурсгалын зүйл 10 гаруйг, мужааны ажил 10 гаруйг бүтээж, дунд сургуулийн кабинетад мэргэжлийн хичээлүүдэд зориулсан зурагт үзүүлэн таниулах материал 200 гаруйг зурж бичиж үлдээсэн. Эндээс үзвэл Д.Одгэрэл нь үнэхээр уйгагүй хөдөлмөрч, ямар ч завгүй хүүхэд байжээ.
ТАЙЛБАР:
ЗХУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат багш, ардын багш, В.И.Лениний шагналт, Төрийн шагналт, Сурган Хүмүүжүүлэх Ухааны доктор /Ph.D/ В.Н. Волков хэмээх алдарт багшийн ” Нэг хүүхдийн авьяас чадамжийг олон төрлийн мэргэжлээр зэрэг хөгжүүлэх” /Нэг хүүхдийг 10-с доошгүй мэргэжлээр зэрэг хөгжүүлэх арга/ хэмээх алдарт туршлагыг БНМАУ-д анх удаа хэрэгжүүлж байгаад ардчилалтай золгосон хүн бол ” Монголын Волков” гэгдэх Монгол Улсын Гавьяат багш, Судлаач, Зураач, Нийтлэлч Намжилын Даваажав юм. Харин энэ аугаа хүний туршлагыг Монголд хэрэгжүүлэх ажлын анхны азгүй туршилтын туулай нь ‘Дамбын Одгэрэл” хэмээх туулай бүлтийтэл баригджээ. “Анхны туршилтын туулай” нь Монголын нийгэмд ямаршуухан сэтгэхүйтэй, ямар хүн болж төлөвшснийг цаг хугацаа, он жилүүд дахин тодорхойлж өгөх бизээ.
Д.НИНА. “ХӨТӨЧ” номноос
2000.04.13
English
Français
Deutsch
Italian