Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитотой албан ёсны уулзалт хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар өнөөдөр /2025.07.08/ албан ёсны уулзалт хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад Эзэн Хааны түвшинд анх удаа хийж буй Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, ард иргэд хоорондын ган бат найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэхжүүлэхэд Япон Улс, Японы ард иргэд халуун дотно, сэтгэл шингэсэн тууштай дэмжлэг үзүүлж ирснийг Монголын төр, Засгийн газар, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг онцлов.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлалынхаа хүрээнд хүн төрөлхтний соёлын өв, Монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцож буйг ард иргэд талархалтай хүлээн авч буйг тэмдэглэллээ.

English
Français
Deutsch
Italian