d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    AI буюу хиймэл оюун ухаан эмч нарыг ажилгүй болгож байна

    AI буюу хиймэл оюун ухаан нь эмч нарыг ажилгүй болгож байна. Үүний нэгэн бодит жишээ бол  Хятад улсын Цинхуа их сургуулийн байгуулсан AI эмч нар ажилладаг эмнэлэг юм. 14 AI эмчтэй, 4 AI сувилагчтай тус эмнэлэг нь өдөрт 3000 өвчтөний асуудлыг шийдэх чадвартай.

    АНУ-д нэгэн туршилт явуулсан бөгөөд АНУ-ын эмч нарын олон жил суралцаж, бэлдэж байж өгдөг анагаахын лицензийн шалгалтыг нь АI 93 хувь гүйцэтгэлтэй давсан ба зарим асуудлыг эмч нараас ч илүү хариултыг нь олж, шийдэж байв.

    Хүүгээ гурван жилийн турш 17 эмчид үзүүлж, эмнэлгээр дагуулж явсан ч онош нь тодрохгүй байсанд хүүгийн ээж Кортни ChatGPT-тэй чатласнаар Tethered Cord Syndrome гэх ховор онош байж болохыг олж мэдээд, мэдрэлийн мэс засалч эмчтэй зөвшилцөж, шинжлүүлэхэд тухайн эмч үнэхээр тэр өвчин мөн болохыг баталгаажуулжээ. АI ямар хүчтэй хөгжиж, ямар их ашиг тусаа үзүүлж болохыг энэ жишээнээс та бүхэн ойлгож буй байх.

    Зарим хүний толгойд АI гэхээр эвлүүлсэн зураг, эсвэл сонин содон бичлэгүүд төсөөлөгдөж байгаа байх. Гэхдээ энэ бол зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй.

    Миний хувьд ердөө хоёрхон жилийн өмнө AI буюу Artificial Intelligence гэдэг зүйл дэлхий ертөнцөд ийм айхтар өөрчлөлтийг авчирч байна гэж төсөөлж ч байсангүй. Өнөөдөр амьдралын маань салшгүй нэг хэсэг болжээ.

    Хөдөө аж ахуйн, Аж үйлдвэрийн, Шинжлэх ухааны хувьсгал гэхчлэн хүн төрөлхтний түүхийг бүлгүүдэд хуваадаг бол шинээр бичигдэх номуудад Хиймэл оюун ухааны хувьсгал гэж шинээр бүлэглэгдэн бичигдэх тийм гайхалтай өөрчлөлтийн цаг үед бид амьдарч байна гэж харж байна. Өнөөдөр хэн ч та бүхэнд үнэгүй хэлж өгөхийг хүсэхгүй байгаа, бараг нууж байгаа мэдээлэл бол АI-ийн хөгжлийн түвшин хаана хүрсэн тухай юм. AI маш олон ажлыг орлох боломжтой гэж зарим эрдэмтдийн ярьдаг нь маш олон салбарт бодитой болоод эхэлчихсэн байна.

    Анагаах ухаан, эрүүл мэндийн талаар бид AI эрин үед юуг мэдэх ёстой вэ?

    Эмч нарын хувьд анхаарууштай зүйлс:

    1. Өөрийн ажлыг хөнгөвчлөх, хурдасгах, өвчтөндөө илүү их тус хүргэх зорилгоор AI хэрэгслүүдийг ажилдаа хэрэглэж сурах шаардлагатай.
    2. Өөрийн ажилтай холбоотой үйл хөдлөл бүрийг AI-аар орлуулах эсвэл AI-тай хамтарч шийдэх боломжтой эсэхийг бодож, судалж үзэх
    3. Эмч нарын хувьд мэдлэгийг олж авах, мэдлэгийг нэгтгэн дүгнэх нь хичээл зүтгэл, цаг хугацаа ихээр зарцуулдаг байсан бол энэ үйл явцыг AI хэдхэн минутаас хэдхэн секунд болгон хурдасгасан байна. Үүнээс эмч, өвчтөн бүгд хожиж байгаа юм.
    4. Дэлхийн олон их сургуулиуд, эмнэлгүүд generative AI бол hallucinate буюу байгаа мэдээлэл дээр тулгуурлан байхгүй зүйлийг байгаа мэт зохиож болдог сул талтай тул хамаагүй найдаж болохгүй гэж болгоомжилж байгаа боловч дэлхийн хамгийн топ их сургууль, топ институтууд ажлынхаа салшгүй нэг хэсэг болгож, албан ёсоор зөвшөөрсөн байна. Учир нь тэд AI-н давуу болон сул талуудыг маш сайтар анхааран, AI-т 100 хувь найдахаас илүү туслах мэт хэрэглэж, эцсийн шалгалт, шийдвэрийг мэргэшсэн мэргэжилтэн өөрөө гаргаж байхыг оюутан, сурагч, эмч нартаа сургаж байгаа юм. Харвардын анагаахын их сургуульд гэхэд оюутнууддаа АI-н талаар куррикулум-тай болсон байна. Эмч нар нь өдөр тутамдаа AI хэрэглэж, ялган оношилгоо зэргийг алдаа мадаггүй байлгах, нарийвчлалыг ихэсгэх зорилгоор хэрэглэдэг болсон байна. Олон сая ам.долларыг энэ чиглэлийн судалгаанд зарцуулдаг болсон байна. Тэмдэглэл хөтлөх, мэдээллийг эмхэтгэх, судалгааны ажлыг уншихдаа хялбаршуулан ойлгох, эмнэлзүйн удирдамжуудыг мөн хялбаршуулан ойлгох, хэрэгтэй мэдээллээ эх сурвалж дотроос агшин зуур шүүлгэх гэхчлэн олон зүйлийг AI-аар хийлгэдэг болжээ. Мөн өвчтөнд өгөх зөвлөгөө, мэдээллийн ерөнхий баганыг гаргаж авах, эмийн тун, заалт, анхаарах зүйлс, гаж нөлөө зэргийг шалгах зэргийг AI-аар хийлгэдэг болж байна.
    5. Өвчтөний зүгээс урд нь аливаа зүйлийг Google-дээд олсон мэдээлэлдээ итгээд ирдэг байсан бол одоо AI-аас илүү цэгцтэй, дэлгэрэнгүй мэдлэгтэй, ойлголттой болоод ирэх нь улам нэмэгдэж байна. Мэдээж энэхүү мэдлэг, мэдээлэл нь төөрөгдсөн (эсвэл hallucinated мэдээлэл уншсан ч байж болно) байж болох боловч, өвчтөнүүд урд урдныхаас илүү их informed буюу мэдээллээр хангагдсан байдалтай ирдэг болж байна. Сайн AI ашигладаг өвчтөн, AI ашигладаггүй эмчээс илүү мэдлэг, мэдээлэлтэй байх нөхцөл бүрдсэн байна. Энэ нь эмч нарыг илүү сайн байхыг шаардаж байгаа буюу алсдаа бүх эмч нар ийм шахалтад орж, мэдлэг гэгч зүйл илүү олж авахад амар болсноор ард иргэдэд илүү ашигтай үр нөлөөг үзүүлэх хандлагатай байна.
    6. Хуучин цагт мэдлэгээрээ ялгагддаг байсан бол ойрын ирээдүйд мэдлэгийн хувьд ялгаагүй бүгд сайн болж, харин мэдлэгээр биш, ур чадвараар, хандлагаар, бүтээлч байдлаар илүү ялгарах болно.

    Жич: Ард иргэдэд чухалчлан хэлэхэд: AI-д  маш сайн, оновчтой мэдээллийг өгөх тусам илүү оновчтой хариултыг гаргаж авах магадлалтай бөгөөд анагаахын шинжлэх ухаанд боловсрол эзэмшээгүй, эсвэл хангалттай сайн боловсроогүй байх тусам түүнээс авч буй мэдээлэл алдаатай, төөрөгдсөн байх эрсдэлтэй гэдгийг мөн анхаарууштай. Эмч нар мэдлэг, чадвар сайтай байх тусам өвчтөнүүдээсээ асуумж болон үзлэгээр илүү нарийвчлалтай, үнэн мэдээллийг ялгаж авах бөгөөд тэрхүү мэдээллээ AI-тай хамтран боловсруулж, өвчтөнд илүү ашигтай шийдвэрийг хурдан, оновчтой гаргах боломжтой болж буй юм. Дээр дурдсан Цинхуа их сургуулийн эмнэлэг бол одоогоор бодит эмнэлэг биш бөгөөд симуляци программ юм байна. Өөрөөр хэлбэл, AI эмч нарыг орлож чадахгүй, харин эмч нарыг улам мэдлэгтэй, улам оновчтой, улам сайн болгох боломжийг олгож байна. Мөн AI-н тусламжтай гаргасан шийдвэр нь алдаатай байгаад, хүн хохирвол хариуцлагыг хэн нэгэн хүлээх ёстой болно. Тиймээс эмч нар AI-д шууд итгэх бус харин гаргаж өгсөн мэдээллийг нь шүүн тунгаах, зөв эсэхийг магадлах, эх сурвалжийг нь шалгаж баталгаажуулж байх шаардлагатай. Үгүй бол gen AI таньд, манайхны ярьдгаар “Зүүдээ ярьж байж магадгүй” юм.

    Эх сурвалж: Эмч Х.Энхтүвшин

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian